Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын депутатаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

2022-01-08

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 30 жилийн өмнө нэгдүгээр сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах үйл хэрэгт Биндэр сумаас Чимэддоржийн Баярсайхан Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
 
Шинэ Үндсэн хууль батлагдсаны  30 жилийн ойг тохиолдуулан Биндэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Аюурзана, ЗДТГазрын албан хаагчид, үе үеийн ахмад ажилчид Ардын Их Хурлын депутатыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
 
Уг хүндэтгэлийн уулзалтын үеэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Аюурзана "Таны улс орон, сум орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хууль  Монгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийг  олон түмэн төдийгүй дэлхий нийт  ч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ. Манай Улсын хувьд 1992 оны 1-р сарын 13-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль бол хүний эрхийн асуудалд иж бүрэн, цогц шалгуураар хандаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд томъёолж баталгаажуулсан, шүүх эрх мэдэл, түүний дотор Үндсэн хуулийн Цэцийг манай улсын төрийн тогтолцоонд цоо шинээр цогцлуулж өгсөн  тулгуур эрх зүйн баримт бичиг билээ.  Шинэ Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлэгт 80 орчим эрх, эрх чөлөөг тусгайлан нэрлэж, баталгаажуулсан байх бөгөөд Үндсэн хуулийн оршил хэсгээс бусад бүлгүүдэд хүний эрхтэй холбогдолтой олон  заалт зарчмуудыг харж болно".
 
Үүний дараагаар АИХ-ын 412 дугаар тойрог, Хэнтий аймгийн Биндэр сумаас сонгогдсон АИХ- ын депутат Ч.Баярсайхан “Шинэ үндсэн хууль нийгмийн өмнө  үүргээ биелүүлж байгаа нь маргашгүй үнэн. Мөн цаг хугацаа, хөгжлийн хурдтай уялдуулан зарим нэгэн заалтыг өөрчлөх шаардлагууд ч гарч байгааг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиараа Монголчууд бид хаа дуртай газраа гэрээ бариад бууж болох эрхээр хангагдсан. Гэтэл дэлхийн аль ч хотод  гэрээ бариад, дуртай газраа хашаа хатгаад байдаг нийслэл байхгүй. 30 жил өнгөрлөө гээд  ойг тэмдэглэн явахаас илүүтэй улс, хотынхоо цаашдын хөгжилд санаа зовниж байна" гэдгээ хэллээ.
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%